Монгол болон ХБНГУ-ын хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг үр дүнгээ үзүүлж эхэллээ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Монгол улс болон ХБНГУ-ын хамтран амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Германы засгийн газрын дэмжлэгтэйгээр 2013 онд байгуулагдсан тус их сургууль нь уул уурхайн нарийн мэргэжлийн инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг төрийн өмчит их сургууль юм.

Манай улс бараг зуун жилийн өмнөөс Герман улстай соёл, эдийн засаг, улс төрийн харилцаа хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд  Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын үед болон хоёр Герман нэгдсэний дараа ч улам бэхжиж, хөгжсөн байдаг. 1920-иод оны дундуур Монголын хамгийн анхны залуус орчин үеийн өндөр боловсрол эзэмшихээр Герман орныг зорьж байсан бөгөөд тэдний дунд бидний сайн мэдэх их зохиолч Д. Нацагдорж багтаж байсныг та бид сайн мэднэ.

Энэхүү боловсролын салбарын уламжлалт харилцаа амжилттай үргэлжлэхэд 2011 онд ХБНГУ-ын Канцлер хадагтай Ангела Меркель Монгол Улсад айлчилсан явдал томоохон алхам болсон юм. Тус уулзалтаар талууд чадварлаг боловсон хүчин бэлтгэх чиглэлд анхаарал хандуулахаар тохиролцож, дараа жил нь буюу 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д хариу айлчлах үедээ МГТИС-ийг үүсгэн  байгуулах албан ёсны шийдвэр гаржээ. Хоёр улсын тэргүүний хамтарсан мэдэгдэлд тус сургуулийг Герман стандартад тулгуурлан байгуулахыг онцолсон байдаг бөгөөд улмаар 2013 онд нээлтээ хийж, анхны оюутнуудаа элсүүлсэн түүхтэй.

Тус сургууль өдгөө Англи хэл дээр заадаг европын стандарт сургалтын хөтөлбөртэй, дотоод гадаадын эрдэмтэн багш нараас бүрдсэн багшлах бүрэлдэхүүнтэй болсон бөгөөд Герман улсад төвтэй олон улсын магадлан итгэмжлэлийн ACQUIN байгууллагаар бакалавр, магистрын хөтөлбөрөө урьдчилан итгэмжлүүлжээ.

LEAVE REPLY

Your email address will not be published. Required fields are marked *